JDF
INFORMING. INSPIRING. EMPOWERING.
JDF

Нийтлэл

УБТЗ-ын шинэ даргад дайх үг


2021 оны 12 сарын 06


Д.Жаргалсайхан
@jargaldefacto


12865   1


6 мин


УБТЗ буюу хөгжлийн гацааг тайлах нь 

Долоо хоногийн өмнө Эрдэнэт рүү галт тэргээр яваад ирлээ. Улаанбаатараас орой гараад, өглөө нь очиж ажлаа амжуулчихаад орой нь буцаж, өглөө эрт ирж буй учир энэ аялал уг нь цаг зав хэмнэсэн, авто замын эрсдлийг тойруулсан аятайхан цагийн хуваарьтай ажээ. Энэ боломжийг олгож буйд УБТЗ-д талархахын зэрэгцээ, үйлчилгээг нь сайжруулах орон зай их байгааг сануулж нийгмийн сүлжээнд санал бодлоо оруулсан юм. Яг юу бичсэн, сошиал орчинд яаж хүлээж авсан, яагаад ийм байдал үүссэн, яаж засвал зохистой болохыг энд өгүүлье. Тэгээд ч энэ адал явдал маань УБТЗ-ын удаан хүлээгдсэн шинэ дарга томилогдсонтой давхцав.

Нийгмийн сүлжээ шуурав

2021.11.30-нд Jargal Defacto (94 мянган дагагчтай) фейсбүүк хуудас болон Jargal Dambadarjaa (260 мянган дагагчтай) твиттер дээрээ дараах мэдээг оруулсан юм.

“УБТЗ-ын угтаагүй үйлчилгээний талаар: 

  • Монголд тэргэнцэртэй, өндөр настай хүмүүс вагонд авиран сууж чадахгүй байнa. Boкзалын энэ тавцанг хэзээ өндөр болгох вэ? Дахиад 70 жил хүлээх үү!
  • Яагаад суудлын тийзээ заавал 3 хоногийн өмнөөс авах ёстой юм бэ? Бусад оронд сарын өмнө ч онлайнаар авдаг. Хөгжлөөс ингэж хоцорч болох уу?
  • Вагоны жорлонг яагаад 22:00-07:00 хооронд түгжээд байгаа юм бэ? Бие засах чинь хүний эрх шүү дээ. УБТЗ-ын Монгол, Орос дарга нарт хүрээд өөрчилтөл түгээнэ үү, ах дүү нараа!”

Яагаад ингэж бичсэн гэхээр:

  • УБТЗ-ын суудлын галт тэрэгний зорчигчдын тавцан хэт намхан учир вагондоо орох гэж хөгшин настай, хүнд ачаатай хүмүүс сууж буухдаа хүнээр өргүүлж, дэмжүүлэх юм. Залуучууд бол анзаардаггүй. Дэлхийн бараг бүх хот, бүх нийслэлийн төмөр замын төв вокзалын суудлын вагоны шал тавцан хоёр чацуу өндөрт байдгийг манайхан мэддэг болсон. Цэрэг дайны зориулалтаар энэ төмөр замыг барьснаас хойш 70 жил болж байгаа ч, энэ байдлыг яагаад шийдэхгүй байна?
  • Аялалд бэлдэхийн тулд билетээ эртхэн авах гэсэн боловч явахаас 3 хоногийн өмнөөс л билет зарж эхэлдэг юм байна. Билет олдох эсэх нь тодорхой биш учир товлосон өдрөө хүлээж эртхэн худалдаж авах хэрэг гарсан. Дэлхийн бусад оронд бүх тээврийн билетийг сарын ч өмнө, хаанаас ч, хэзээ ч онлайн авч болдог. Амжаагүй бол суусан хойноо ч авч болдог.
  • 20:40 цагт хөдөлсөн вагоныхоо жорлонг 22:00 цагт түгжиж орхив. Шөнө бас л түгжээтэй байсан. Өглөө 07 цагт онгойсны дараа орчихоод купендээ ормогц орны даавуугаа хураалга гэв.

2021.12.06-ны байдлаар дээрх бичвэр фейсбүүк хуудсаар 242 мянган хүнд хүрч олон мянган дэмжсэн, эсвэл эсэргүүцсэн коммент авсан нь төмөр замын үйлчилгээнд анхаарах зүйл үйлчлүүлэгч ба үйлчлэгч талаасаа маш их байгааг тод харуулж байна.

Цаад шалтгаан нь

Орос Монголын Засгийн газар хамтран эзэмшдэг энэхүү УБТЗ-ын үйл ажиллагаа хөгжлийн эрэлт, шаардлагаас эрс хоцорч буйн цаад шалтгаан бол энэ байгууллагын эзэмшил, менежмент нь бидний бүтээн байгуулж буй зах зээлийн эдийн засгийн суурь зарчимтай харшилж буйтай холбоотой.

УБТЗ бол бизнесийн бус ачаандаа дарагдсан, үнийг нь улс төрчид хязгаарладаг, алдагдалтай ажилладаг, монополь газар. 21-р зуун гарчихсан байхад түлш, нүүрсээр ажилладаг, цахилгаанжаагүй. Оросын бүх галт тэрэг цахилгаанаар ажилладаг байхад цахилгаанжуулалтын бараа сураг байхгүй. Тэгээд бас дан замтай буюу, галт тэрэгнүүд зөрөхдөө нэг нь тусгай зам дээр зогсож хүлээдэг.

Монголын эдийн засаг, экспорт сүүлийн 30 жилд арав дахин томорсон боловч энэ төмөр замын менежмент, хүчин чадал баглаастай хэвээрээ. Уг нь энэ байгууллага эсвэл дэд бүтцээ, эсвэл хөдлөх бүрэлдэхүүнээ эзэмшихгүй бол хоёуланг нь зэрэг эзэмшээд, тэгээд өөр байгууллагын зүтгүүр замдаа оруулахгүй байгаа учир хөгжих ирээдүй бага. Авто зам барьчихаад зөвхөн өөрийнхөө машиныг явуулаад, бусдыг оруулахгүй байгаатай агаар нэг.

Гэтэл манай улсын хөгжилд төмөр зам ямар чухал болохыг ялангуяа энэ цар тахлын үеэр бид улам тод харж байна. Ер нь УБТЗ-аа яаралтай шинэчлэхгүй бол улс төржсөөр, даргыг нь ч томилж чадахгүй, ялсан намын санхүүжилтийн хэрэгсэл болсоор ирсэн. Үр дүнд нь үйлчилгээ нь ийм болчихоод байгаа юм.

Ажилчдын цалин бага, дарамт их, цалингийн өрөнд баригдсан учир үйлчлэх нь тэдний баяр бахархал биш, дарамт мэт болсон нь тод харагдаж байна. Жишээ нь “таксигаараа яв”, “ямар үнэ төлчихөөд ямар үйлчилгээ чи нэхээд байгаа юм”, “вагоны наана зургаа авахуулсан учир төлбөр төл” гэх мэт олон зуун коммент байгааг та хараарай.

Яах ёстой вэ?

Төмөр замын хөгжил маш чухал. Дэд бүтцээ тодорхой болгохын тулд 1949 оны гэрээг өөрчлөх, олон зүйлийг тодорхой болгох. Түүхэн шалтгаан байгаа ч, яагаад өөрийн нутагт байгаа дэд бүтцийг өөр орны төр засагтай хамтарч эзэмшсээр байгаа нь хачирхалтай.

Одоо байгаа төмөр замтай Монголчууд дангаараа барьсан бусад төмөр замыг холбохдоо дэд бүтэц нь төрийн мэдэлд, хөдлөх бүрэлдэхүүнүүд нь тус тусдаа өөр компани байлгах, дараа нь үнэ тарифаа чөлөөлөх, шаардлагатай иргэдэд л зөвхөн хөнгөлөлт үзүүлэх, өөрийн орлогоороо нэмэлт хөрөнгө оруулалт хийх, техник технологио шинэчлэх боломжтой болгох шаардлагатай юм.

Төмөр замаа яаралтай хос замтай болгох, цахилгаанжуулах, бүх тавцангаа өндөр болгох, зорчигч тээврийн бүх вагоноо шинэчлэх, үйлчилгээний ангиллаа нэмэгдүүлэх, wi-fi тай болгох, угтсан үйлчилгээтэй болгох шаардлагатай байна.

Шинэ дарга үүнд анхаарч, даргын тусгай тохилог вагоноор биш, энгийн суудлаар бүх чиглэлдээ нууцлагаар явахыг зөвлөж байна. Гүржид М.Саакашвили Ерөнхийлөгч болоод машинаа “нууцлагаар” барин явж, замын цагдаагийн алдартай авлигыг зогсоож чадсаныг ташрамд сануулж байна.

2021.12.06


Нийтлэл танд таалагдсан уу?

Сэтгэгдлүүд (1)


Дэмжсэн
1 хүн (100%)

Түдгэлзсэн
0 хүн (0%)

Дэмжээгүй
0 хүн (0%)

Зочин

Нэг бол хамаг цонхоо хаагаад бөгчимдөж үхэх шахна. Очих газраас бараг 2 цагийн өмнө хөөгөөд босгочихно цагаан хэрэглэлээ хураалга гэж шаардана, нойлоо түгжчихнэ, наймаачдыг бол ёстой хүн гэж үзэхгүй шдээ. Цай авахгүй бол уурлах маягтай . Хамгийн их хоцрогдсон үйлчилгээтэй газар даа

Холбоотой нийтлэлүүд