JDF
INFORMING. INSPIRING. EMPOWERING.
JDF

Нийтлэл

Оюуны өмчийн хэрэгжилтийг Иргэний хэргийн шүүхэд шилжүүлэхийн учир


2021 оны 04 сарын 08


Uyanga Delger
@u.delger


21005   3


11 мин


Хууль зүйн доктор, өмгөөлөгч Дэлгэрийн Уянга

2021.04.07

Монгол Улсын Их Хурал энэ өдрүүдэд Оюуны өмчийн хуулиудыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан барааны тэмдэг буюу брэндийн нэр, тэмдгийг хамгаалах асуудлаар жишээ авч хуулийн шинэчлэлд холбогдож өөрийн саналыг энэ нийтлэлээр дамжуулан уламжилж байна.

I. Өнөөг хүртэлх зам

Өмнөх социализмын системд төр худалдаа, үйлдвэрлэлийг монопольчилж барьж байв. Энэ монополиос гадуур худалдаа, үйлдвэрлэл эрхэлвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байлаа.[1] Энэ үед барааны тэмдэг буюу брэндийн нэрийн хамгаалалттай холбоотой хувийн өмчийн эрх гэж байгаагүй. Харин Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орох явцтай холбогдуулж өнөөгийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн анхны хувилбар 1997 онд батлагдан гарснаар барааны тэмдгийн эрхийг хувийн бизнес, өмчийн эрх гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. 

1997 оны хууль нь дэвшил авчирсан хэдий ч эрхийн хэрэгжилтийг хангах асуудал дээрээ өмнөх социализмын үеийнх шигээ эрүүгийн хуулийн дагуух хариуцлагыг л бодож оруулсан заалтуудтай байв. Улмаар 1999 онд Оюуны өмчийн газар (ОӨГ) Засгийн газрын 220-р тогтоолоор оюуны өмчийн хэрэгжилтийг хангах байцаагч ажиллуулах эрхтэй болсон. 2003 оны хуулийн шинэчлэлээр эдгээр байцаагчид оюуны өмчийн эрхийн зөрчилд мөнгөн торгууль оногдуулах эрхтэй болсноор өнөөгийн эрхийн хэрэгжилтийг хангах тогтолцооны суурь бүрэн тавигдсан юм.

Хуулийн 2010 оны шинэчлэлээр Оюуны өмчийн байцаагчдын эрх улам өргөжиж, тэд зөрчил таслан зогсоох, зөрчилд холбогдох эд хөрөнгө, орлогыг хураах эрх мэдэлтэй болов. Ингээд 2015 онтой золгоход Монгол Улс агентлаг, газрууд өөрийн байцаагчтай, захиргааны хариуцлага ногдуулах процесс гэж байхгүй дүр зураг нь нийтдээ хүний эрхийн зөрчлөөс эхлээд багагүй асуудал дагуулсан тул 2017 оны хуулийн шинэчлэлийг угтаж Барааны тэмдгийн хуулийн хариуцлагын хэсгийг өөрчилсөн байдаг (эндээс).

Одоо үйлчилж байгаа хуулиар Барааны тэмдгийн хуулийн 34.2-ын дагуу тус хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна. Өнөөдөр ОӨГ нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллаж байна.

Дүгнэвэл, Монгол Улсад барааны тэмдэг болон оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хувийн өмчийн эрх болохынх нь хувьд Иргэний хэргийн шүүхийн шугамаар голчлон хангуулах дэлхий нийтээр нийтлэг тогтолцоо өнөөг хүртэл нэвтрээгүй явсаар өнөөг хүргэжээ. Харин өмнөх тогтолцооноос эхтэй логикоо дагаад төрийн байцаагч, прокуророор хувийн өмчийн эрхийг хангуулах тогтолцоотой байна.

II. Одоогийн тогтолцоо

Зөрчлийн тухай хуулийн 8.5-ын дагуу ОӨГ нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж зөрчил гаргахад ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах эрхтэй. Мөн зөрчил бүхий үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, мөнгөн торгууль ногдуулах эрхтэй байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх тухай тодруулж доорх байдлаар зааж өгсөн байдаг:

  1. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
  2. Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
  3. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.” 

Одоогийн Барааны тэмдгийн хуулиар тусгайлан заасан заалт байхгүй тул Оюуны өмчийн газрын байцаагчид нь Зөрчлийн тухай хуулийн дагуу олсон орлогыг хурааж, барааны тэмдгийн эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдэхээр байна.

2017 оноос ОӨГ нь хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор оюуны өмчийн үнэлгээний асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэсэн асуудалтай тулгарсан. 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Оюуны өмчийн тухай хуульд “оюуны өмчийн үнэлгээ”, “хөрөнгийн үнэлгээ хийх этгээд” гэсэн ойлголтуудыг бий болгосон. Энэ оюуны өмчийн үнэлгээ хийх этгээдүүдийг тусгай сургалтад хамруулж, гэрчилгээ олгож, бүртгэлд авах эрхийг ОӨГ эдлэхээр хуульд заасан байна (20, 21-р зүйл).

Оюуны өмчийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх, зөрчил таслан зогсоох үйл ажиллагаа нь 2017 оны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой. Энэ хуулийн ач холбогдол нь Оюуны өмчийн байцаагчид өөрийн дүрмээр бус, харин прокурорын хяналтын доор хяналт шалгалт хийх ёстой болсон ба энэ нь улмаар тэдний үйл ажиллагааг шүүхээс хянах боломжийг нээж өгсөн юм.

III. Шүүхийн тохиолдлын жишээ

2017 оноос хойш Захиргааны хэргийн шүүх Оюуны өмчийн газрын зөрчил таслан зогсоох үйл ажиллагаатай холбоотой нэлээд хэргийг хянан шийдвэрлэсэн. Энд гурван жишээг татъя.

“Хайрхан” тэмдэгтэй холбоотой тохиолдолд нэхэмжлэгч нь “Сhаrminc super – Хайрхан” гэсэн нэртэй мотоциклийг Хятадаас Монголд оруулж ирж худалдаалж байв (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (НЗХАШШ) 2018 оны № 856 шийдвэр). ОӨГ нь Хятад Улсын компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Хайрхан” барааны тэмдгийн эрхийг зөрчсөн гэж үзэж “Сhаrminc super – Хайрхан” нэртэй мотоцикл худалдаалахыг хориглосон байна. Энэ процессын хариуцагч нь ОӨГ байсан ба Хятад Улсын компанийн барааны тэмдгийн эрхийг хангуулахаар энэ процесст оролцсон гэсэн үг юм.

“Базалит” барааны тэмдэгтэй холбоотой хэрэгт Монголын нэг компани Оросын Холбооны Улсын “Хабаровский завод “Базалит ДВ”-ын үйлдвэрлэж байгаа базалит бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдаалж эхэлсэн (НЗХАШШ 2019 оны 128/ШШ2019/0747). ОӨГ нь 2018 оны 11-р сард “Базалит” барааны тэмдгийн эзэмшигч Монгол компанийн гомдлоор “Хабаровский завод “Базалит ДВ”-ын бүтээгдэхүүнийг битүүмжилж, 3 сая төгрөгийн торгуулийг импортлогч Монгол компанид оногдуулсан.

Энэ хэрэгт “Хабаровский завод “Базалит ДВ”-ын Монголын дистрибьютер нэхэмжлэгчээр, ОӨГ хариуцагчаар, “Базалит” барааны тэмдгийн эзэмшигч Монголын компани гуравдагч этгээдээр оролцсон.

Нэхэмжлэгч нь ОӨГ-ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Оросын компани нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8-р зүйлийн дагуу өөрийн компанийн нэрээ Монгол Улсад хэрэглэх эрхтэй гэсэн тайлбар хийсэн. Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу урьд гомдол гаргах боломжтой байсан боловч түүнийгээ гараагүй гэж үзсэн.

Захиргааны хэргийн шүүх нь гурван тохиолдолд Оросын чихрийн үйлдвэрлэгчийн барааны тэмдгүүдэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн (НЗХАШШ 2020 оны № 12, 2019 оны № 0786, 2019 оны № 774). Энэ хэргүүдэд ОӨГ мөнгөн торгууль ба/эсвэл чихрийн бүтээгдэхүүнийг хурааж авах болон устгах захиргааны шийтгэл оногдуулсан байдаг. Эдгээр чихрийн бүтээгдэхүүнүүд нь Украйн, Казахстан, Оросоос орж ирсэн байв. Захиргааны хэргийн шүүхэд ОӨГ нь хариуцагчаар татагдаж оролцсон ба Оросын чихрийн үйлдвэрлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим хэрэгт нь гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Нэг тохиолдолд тэмдгүүд ижил эсэх талаар ОӨГ-аас шинжээч томилж оролцсон (НЗХАШШ 2019 оны № 774). Эдгээр бүх тохиолдлуудад шүүх ОӨГ-ын талд шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

IV. Дүгнэлт, үндэслэл

  1. Барааны тэмдгийн эрх зүй нь Монгол Улсад захиргаа болон эрүүгийн эрх зүйн нэг хэсэг байж, социализмын үеийн төрийн эдийн засгийн монопольчлолын нэг хэсэг болж үүсч, хөгжсөн. Энэ үед барааны тэмдэгт холбогдох хувийн өмч гэж байгаагүй. Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад 1997 онд нэгдэн орох үед барааны тэмдэг гэдэг бол хувийн бизнесийн хэрэгсэл, өмч гэдэг ойлголт онол төдий, Монголчуудын ой тойнд буугаагүй байсан бизээ. Барааны тэмдгийн хуулийн 2003, 2010, 2015 оны шинэчлэлээр энэхүү социализмын үеэс гаралтай системийн ойлголт өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ ОӨГ оюуны өмчийн хэрэгжилтийг хангах эрх мэдлийг хуулиар олж авч, энэ нь улам өргөжиж тэлсээр иржээ.
  2. 2017 оны Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь ОӨГ-ын байцаагчдыг прокурор, шүүхийн хяналтад оруулж, “бяцхан вант улсын” тогтолцоог бага ч гэсэн нээлттэй болгожээ. Ядаж л шүүх дээр хэдэн хэрэг очоод юу болоод байгааг нь мэдэхтэйгээ болсон байна. Энэ бол дэвшил.
  3. Гэвч зарчмын хувьд оюуны өмч, барааны тэмдгийн хэрэгжилтийг ОӨГ-аар, Зөрчлийн тухай хуулиар хангуулах нь Үндсэн Хуульд заасан зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах орчин цагийн тогтолцооны логиктойгоо нийцэхгүй байгаа юм. Дэлхийн Худалдааны Байгууллагаас энэ талаар тэмдэглэж зааж өгсөн байдаг (эндээс). Барааны тэмдгийн зөрчлийн маргаан бол бизнес, зах зээлийн маргаан. Барааны тэмдгийн маргааныг мэргэшсэн өмгөөлөгчид шүүхийн өмнөх шатанд голчлон тасалдаг. Хэрэв маргааныг таслах боломжгүй эсвэл шуурхай арга хэмжээ авах шаардлагатай бол өмгөөлөгч Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Энэ тохиолдолд шүүх Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйл шиг заалтын дагуу өмч, эрхийг урьдчилан яаралтай бэхжүүлж, хамгаалуулдаг. Энэ яаралтай арга хэмжээнд эрхийн зөрчил таслан зогсоох, нотлох баримт бэхжүүлэх арга хэмжээнүүд багтдаг. Үүний дараа шүүхийн ердийн процесс эхлэх ба энэ процесст зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа этгээд өөрийн хууль ёсны хүний эрхээ эдлэж, шүүхийн өмнө тайлбар, нотлох баримт гаргаж өөрийгөө хамгаалах боломжтой байдаг. Иргэний процессын явцад талууд эвлэрч болно. Иргэний процессын явцад барааны тэмдгийн эрх эзэмшигч мөн давхар эд хөрөнгийн хохирол нэхэмжилж болно. Өөрөөр хэлбэл зөрчил таслан зогсоох, эд хөрөнгийн хохирол нэхэмжлэх гэсэн хоёр асуудал нэг газар, нэг шүүхээр шийдэгддэг. Үүний дээр барааны тэмдгийг алдартай тэмдэг гэж хүлээн зөвшөөрүүлэх, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах процесс ч нэг процессын хүрээнд явагдаж болно. Ингэснээр уг асуудал нь нэг зүйлийг олон шүүх, олон байгууллагад тарааж, бизнес эрхлэгчид ийш тийш хуульчид гүйлгэж, эрхийн хэрэгжилтийг хүндрэлтэй, өртөгтэй болгодогүй. Нөгөө талаас энэ нь хувийн өмч, хувийн бизнесийнхэн өөрсдийн хувийн маргаанаа шүүхийн хараат бус мэргэжлийн дэмжлэгтэйгээр таслуулж байна гэсэн үг юм.
  4. Оюуны өмч буюу хувийн өмч болон бизнесийн маргаанд ОӨГ болон прокурор оролцож байгаа Монголын тогтолцоо нь оюуны өмчийн хэрэгжилтийг хангахад төдий л амжилт авчрахгүй. Бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесийн асуудал, орлого зарлагаа төрийн байгууллага, прокурорт дэлгээд явахыг хүсэхгүй. Барааны тэмдэг нь бүтээгдэхүүний доголдол болон хуурамч бараатай тэмцэх бизнес эрхлэгчийн гарын доор байдаг хуулийн хэрэгсэл. Бизнес эрхлэгчид хуурамч бараатай тэмцэх чухал ч энэ нь үнэ өртөгтэй, мөн өөрийнх нь бизнест эрсдэлтэй бол тэд дуугүй л байх болно. Гэтэл худалдааны сүлжээний талаар ойлголт муу, нарийн ойлголт авах боломжгүй төр хүн амын эрүүл мэндийн төлөө брэнд эзэмшигчдийн дэмжлэггүйгээр хэчнээн зүтгээд бодит үр дүн гаргахгүй.
  5. Оюуны өмчийн хэрэгжилтийг ОӨГ хариуцаж ирсэн Монголын тогтолцоо эцэстээ ОӨГ оюуны өмчийн үнэлгээг тогтооход оролцох хэмжээнд хүрчээ. Бид 1990 онд төрийн эдийн засгийн монополийг халсан. Гэтэл ОӨГ нь оюуны өмчийн “үнийг” тогтооход оролцож байна. Мэдээж оюуны өмчийн үнэ тогтоолгоод ОӨГ-аар үйлчлүүлэх компани, бизнес олон байхгүй нь ойлгомжтой. Энд мөн л бизнесийн нууцаа төрийн байгууллагад бизнес эрхлэгчид дэлгээд явахгүй байх логик наад захын тайлбар нь болно. 

V. Хуулийн төсөлд оруулах санал

Энэ өдрүүдэд болж байгаа хуулийн хэлэлцүүлэгт холбогдож нийтлэлийнхээ төгсгөлд УИХ, Хууль зүйн яам, хуулийн төслийн ажлын хэсэгт Барааны тэмдгийн хуулийн 34.3-т дараах заалтыг оруулж өгөхийг хүсье: “Энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын эзэмшигчийн эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хангуулж болно.” 

Энэ заалтын дагуу дээр дурдсан зөрчил таслан зогсоох, хохирол нөхөн төлөх нэхэмжлэлийг эрх эзэмшигч заавал ОӨГ-т очихгүйгээр шууд иргэний хэргийн шүүхэд хандах сонголт, боломж нь нээлттэй байг.

Мэдээж өмгөөлөгч, шүүгчдийг мэргэшүүлэн сургах гээд асуудлууд гарч ирнэ. Гэхдээ юуны өмнө боломжийг нь хуулиар нээж өгье. Хуулиар боломжийг нь нээлттэй болгоод өгвөл шүүхийн жишиг тогтоох ганц нэг хэрэг орж ирээд асуудал аяндаа өөрөө шийдэгдэнэ. Төрийн зүгээс хийж чадах зүйл гэвэл энэ л байна.

Эцэст нь, илүү нээлттэй, мэргэжилтнүүдийг сонсдог болж байгаа УИХ болон Хууль зүйн яаманд талархлаа энэ дашрамд илэрхийлье.

[1] БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 128, 133-р заалтууд.


Нийтлэл танд таалагдсан уу?

Сэтгэгдлүүд (1)


Дэмжсэн
1 хүн (100%)

Түдгэлзсэн
0 хүн (0%)

Дэмжээгүй
0 хүн (0%)

Нийтлэлийн зохиогч

Зохиогчийн хувьд нэг тодруулга хийе: Монгол Улсын Иргэний хуулийн 106.2-т заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан тохиолдол Оюуны өмчийн салбарт одоогоор байхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг англиар injunctive relief (injunction), германаар Beseitigungs-und Unterlassungansprüche гэдэг. Монголд ийм Шүүхийн практик байдаггүй. Оюуны өмчийн хэрэгжилтийн практик өнөөг хүртэл яг социализмын үеийн логикоо дагаж байна. Үүнийг л өөрчлөөд өгөөчээ гэж нийтлэлээ бичсэн.

Холбоотой нийтлэлүүд